“2025 онд хос бичигтэн болохын тулд 200 мянган төрийн албан хаагчаа бэлтгэх нь зүйтэй”

“2025 онд хос бичигтэн болохын тулд 200 мянган төрийн албан хаагчаа бэлтгэх нь зүйтэй”

Чойжин ламын сүм музейгээс өнөөдөр буюу зургаадугаар сарын 17-нд “Музей ба монгол бичиг” өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөг нь монгол бичиг сурч байгаа хүүхэд залууст монгол бичгийн ач холбогдлыг таниулж, цаашлаад 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах тухай хуулийн хэрэгжилтэд тодорхой хувь нэмрээ оруулах зорилготой аж.

Өдөрлөгийн үеэр “Мөнх тэнгэрийн бичиг” болон Хүмүүн бичиг сониноос жил бүр зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” долоон ангилалт улсын томоохон уралдааны үе үеийн шилдэг бүтээлүүдээс бийрээр бичсэн, оёмол, хатгамал, наамал, хуйлмал, сийлмэл гээд шилдэг 30 гаруй бүтээлийг дэлгэн танилцуулав.

Түүнчлэн тус өдөрлөгөөр монгол бичгээр унших, бичих шагналт уралдаан, монгол уран бичлэгийн үйлчилгээ, монгол бичгээр хэвлэгдсэн номын үзэсгэлэн худалдаа зэргийг зохион байгуулжээ.

Цаашид энэхүү өдөрлөгийг жил бүр зохион байгуулах саналтай байгаагаа зохион байгуулагчид дурдсан юм.

Чойжин ламын сүм музейн захирал Б.Отгонсүрэн:
- Биднийг бусад орноос ялгаж өгөх гол онцлог бол хэл бичиг мөн. Тэр дундаа монгол бичиг бол дэлхийн долоон гайхамшигт хэл бичгийн нэг гэгддэг. Иймд бид энэхүү үнэтэй соёлын өвөө хойч үедээ таниулж, өвлүүлэн үлдээх ёстой.

“Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа:
- Монгол бичгээ таниулах, судлах, хамгаалах ажилд төрийн бус байгууллага, ард иргэд маш сайн санаачилга гарган оролцож байгааг хэлэх нь зүйтэй. Харин 2025 онд хос бичигтэн болохын тулд юун түрүүнд 200 гаруй мянган төрийн албан хаагчаа бэлтгэх нь зүйтэй хэмээн үзэж байна. Тэр дундаа 90 гаруй мянган төрийн албан хаагчтай нийслэлийн зүгээс тэдний монгол бичгийн боловсролыг дээшлүүлэн, албан хэрэг хөтөлдөг, компьютер дээр чөлөөтэй хөрвүүлдэг хэмжээнд чадавхжуулах нь чухал байна.

Нийслэлийн соёл урлагийн газрын урлаг уран бүтээлийн хэлтсийн дарга Ч.Батчимэг:
- Соёлын яам бүх албан хаагчдаа монгол бичгийн сургалтад хамруулан “хос бичигтэн яам” болсон гэдгээ зарласан. Үүнтэй адил бусад яам, агентлагууд ч шат шатандаа өөрсдийн ажилтан албан хаагчдаа монгол бичигт сурган чадавхжуулахаар байгууллагынхаа төлөвлөгөөнд тусгасан байгаа. Харин бидний зүгээс энэ чиглэлд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад зохион байгуулагдах “Алтаргана” наадамд оролцох, Өвөр Монголын Өөртөө Засах Ороны Шилийн гол аймгийн соёлын газартай хамтарч ажиллах, цаашлаад монгол туургатнаа нэгтгэсэн монгол бичгийн фестивал зохион байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөж байна.

Л.Ундрах

Powered by Froala Editor

Сошиалаар түгээх: