“Эко хот’ гэдэг нь байгаль орчинд ээлтэй зарчмаар хүмүүсийн амьдрах таатай орчныг бүрдүүлсэн хотыг хэлнэ. .Энэ хотыг байгуулахын учир нь дэлхийн эрчим хүчний нөөц хомсдож мөн эдийн засгийн нөхцөл байдал буюу иргэдийн мөнгөө хэмнэх гэсэн хүслээс үүдэлтэй юм. Дэлхийн улс орны хотууд дэлхийн эрчим хүчний 67 хувийг хэрэглэж нүүрс хүчлийн хийн 71 хувийг ялгаруулдаг. Байгалийн түүхий эд болох газрын тос, хий, нүүрс зэргийг хэмнэх шаардлага үүсээд байна. Мөн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр үнэ ханш нь эрс өссөөр байгаа нь эрчим хүч хэмнэх нэг том шалтгаан болж байна. Иймээс дэлхийн улс орон бүр эдийн засаг, улс төрийн түвшинд хотынхоо хөгжлийг техник технологийн дэвшилтэй хослуулж хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Үүний нэгэн жишээ бол сэргээгдэх эрчим хүчийг ашигласан байгальд ээлтэй жижиг хотууд юм. Манай улсад ч сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээндээ ашиглаж эхлээд байгаа ч эрчим хүчний хэрэглээний хэдхэн хувийг эзэлж байна.